Захирлын мэндчилгээ
Харилцаа холбооны ууган оператор Монголын Цахилгаан Холбоо компани
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Та бүхнийхээ энэ өдрийн мэндийг эрж Монголын цахилгаан холбоо ХК-ийн нийт хамт олныхоо нэрийн өмнөөс мэндчилье.
Дэлхий даяар тулгарсан цар тахал хоёр дахь жилдээ үргэлжилсэн 2021 онд бид багагүй сорилт бэрхшээлтэй тулгарсан ч шинэ нөхцөл байдалд дасан зохицож, цахим хэрэглээг нэмэгдүүлсэн, бидний амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчилсөн онцлог жил байлаа.
Бид мэдээлэл харилцаа холбооны салбарын технологийн асар хурдтай хөгжил, хувьсан өөрчлөгдөж байгаа хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагатай хөл нийлүүлэн алхахыг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд 2021 онд “МТС Сервис” ХХК охин компаниа байгуулж, 21 аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлэн UB Cab, Tridium, Mobinet зэрэг компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлээд байна.
Компанийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Өрх бүрт интернэт” өндөр хурдны шилэн кабелийн FТТх технологиор суурин утас, интернэт, ОТТ үйлчилгээний багцын үйлчилгээг хүргэх төслийг Улаанбаатар хотын алслагдсан гэр хороолол Гүнт Санзай, Горхи Тэрэлж чиглэлд, 19 аймаг, 1 суманд амжилттай хэрэгжүүллээ.
Оновчтой хөрөнгө оруулалт, амжилттай хэлэлцээрийн үр дүнд интернэтийн үйлчилгээний үндсэн тоног төхөөрөмжийг өндөр хүчин чадал бүхий төхөөрөмжөөр шинэчлэн, хамгаалалтын хүчин чадал бүхий системийг суурилуулан нэгж өртгийг бууруулан зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж чадлаа.
Бидний үнэт зүйл болох хэрэглэгчийн дуу хоолойг сонсох, гомдол саналыг цаг алдалгүй шийдвэрлэх УОС системийг амжилттай хэрэгжүүлснээр гэмтэл саатал, гомдлын тоо өмнөх оноос 20 хувиар буурсан байна.
Бид 2022 онд компанийнхаа шинэ зууны эхлэл 101 жилийн ойг угтан технологийн өргөтгөл шинэчлэл, сүлжээний хамрах хүрээний тэлэлтийг үргэлжлүүлэн хийж, шинээр нэвтэрч буй технологийн хөгжил дэвшлийн компаниудтай болон бусад байгууллагуудтай түншлэн шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчидцээ хүргэх зорилт тавьж байна.
Цаашид компанийнхаа хөгжил дэвшлийн төлөө хамтдаа тэмүүлж компанийн ашигт ажиллагааг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.
Хүндэтгэсэн,
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.Чинбат