Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн тайлангийн хурал боллоо.


Монголын Цахилгаан Холбоо ХК нь дунд хугацааны хөгжлийн бодлого, чиглэлийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, амжилтаа дүгнэн, цаашдын зорилгоо тодорхойлох тайлангийн хурлаа  нийт ажилтнуудынхаа хүрээнд зохион байгууллаа.

Тайлангийн хуралд Улаанбаатар хотоос 300 гаруй ажилтан оролцож, харин орон нутгийн  400 гаруй ажилтнууд цахим орчинд видео хурлын системээр шууд холбогдон, 2017-2018 оны ажлын үр дүнг хамтдаа үнэлэн, 2019-2020 оны ажлын төлөвлөгөө болон явцын мэдээллийг хэлэлцсэн байна.

 Монголын Цахилгаан Холбоо ХК нь өнгөрсөн жилүүдэд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Жишиг салбар” төсөл, “Хэрэглэгчийн өдөр” цуврал арга хэмжээнүүд, мөн үнэнч хэрэглэгч бүрт бодит хөнгөлөлт урамшуулал олгох +1 төслийг тус тус  хэрэгжүүлж, 2017 оноос орон даяар технологийн шинэчлэлтүүдийг эрчимтэй явуулж эхлээд байгаа юм. Суурин утасны хэрэглэгчид дараа үеийн технологид шилжсэнээр ярианы чанар, дагалдах үйлчилгээний нөхцөл боломжууд нэмэгдэж, интернетийн үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн технологи болох GPON, MSAN төхөөрөмж, шилэн кабелийн сүлжээг ашиглан өндөр хурдаар  хүргэх боломж бүрджээ. Харин кабелийн телевизийн үйлчилгээний хувьд тоон системд бүрэн шилжүүлж, технологийн дэвшил бүхий шинэлэг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж эхлээд байна.

 

Үе шаттайгаархэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд хэрэглэгчиддээ орчин  үеийн дэвшилтэт, шинэлэг үйлчилгээг хүргэн 2021 онд тохиох харилцаа холбооны салбарын 100 жилийн ойгоо угтахаар  зорьж байгаа бөгөөд ажилтнуудын нийгмийн халамжийг сайжруулах чиглэлд мөн анхаарч, 2018, 2019 онуудад дундаж цалинг зохих түвшинд нэмэгдүүлсэн байна.

 

 

 

 

Харилцаа холбооны салбарын ууган Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн түүхэн 100 ойг угтсан шинэ үйлчилгээнүүд тун удахгүй та бүхэнд танилцуулагдах болно.

Холбоо Хөгжлийн  Төлөө Хамтдаа