Монголын цахилгаан холбоо ХК МУ-ын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа.
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өргөмжлөх ёслолын арга хэмжээ 2022 оны 05-р сарын 23-ны өдөр Төрийн ордонд болж өнгөрлөө.
Энэ жилийн ТОП-100 аж ахуйн нэгжээр орчин цагийн Монгол Улсын Харилцаа холбооны салбарын тулгын чулууг тавьсан Монголын цахилгаан холбоо ХК нь 101 дэх жилийн ой дээрээ шалгарч, түүхэн амжилтаа бататгаж байна.
Дэлхий нийтийг хамарсан КОВИД19 цар тахлын улмаас өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засагт олон сорилтууд тулгарсан ч бид үйл ажиллагаагаа тогтвортой, тасралтгүй явуулж, ийнхүү амжилттай ажиллаа.
Энэхүү ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн газар, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан ажлын хэсэг аж ахуйн нэгжийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн гол 5 үзүүлэлтээр, албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтийг үндэслэн шалгаруулдаг.
Бид хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдалгүй, амжилтаа улам бататгах зорилгоор 2022 онд олон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан ажиллаж байгаа бөгөөд эдгээрээс дурдвал айл өрх бүрийг өндөр хурдны шилэн кабельд холбож, гуравласан (интернэт, суурин утас, ОТТ-д суурилсан кабелийн телевиз) үйлчилгээ хүргэх FTTH төсөл маш амжилттай хэрэгжиж байна.
Мөн ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өргөмжлөх ёслолын ажиллагаатай зэрэгцэн бид бизнесийн байгууллагуудад зориулан 7070 брэнд дугаарлалтын үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байгаагаа дуулгахад таатай байна.